Алтай таванбогдын БЦГ

  • PDF

Mongolia.640.7725Хамгаалагдсан он: 1996 он

Газар нутгийн хэмжээ: 656106 га

Хамгаалалтанд авсан зорилго:

Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн, алтайн хойлог, нөмрөг тас, ооч ёл зэрэг жигүүртний байршил бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх

Байршил:

·Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар нь хойд талаараа ОХУ, баруун талаараа Таван Богдоос баруун урагш Өвчүү уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг бөгөөд уртаашаа 186 км, өргөөшөө 42 км газар нутгийг хамардаг.

Онцлог:

Талбай нь бараг бүхэлдээ өргөгдсөн гадаргатай , далайн түвшнээс дээш 1800-4374м, хамгийн өндөр цэг нь Монгол-Алтайн нурууны ноён оргил Хүйтэн /4374 м/, хамгийн нам цэг нь Хурган нуур 1800м, бүх нутаг дэвсгэрийн 80,0% нь 1850 метрээс дээш өндөрт өргөгдсөн ба ерөнхийдөө 2400-270 м байдаг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Судалгаанаас үзвэл 100 жилийн 50-д нь уулын хээрийн бүсэд 100.0-125.0 мм хур тунадас унах магадлалтай ба өөрөөр хэлбэл хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц уур амьсгалтай, маш эмзэг экосистем юм.

Энэ нутагт Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог байна. Монгол орны хамгийн том мөсөн гол нь Потанины мөсөн гол юм.

Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь газрын гадаргын болон газар доорхи усаар баялаг. Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нууруудаас гадна 250 гаруй жижиг нуур, цөөрөм бий, мөн жижиг нуур цөөрөм, гол горхид цагаан загас, алтайн сугас, монгол хадран зэрэг баруун Монголын эндемик загас элбэг.Том нуурууд нь цэнгэг, хүйтэн устай нуурууд юм. Тиймээс хавар, зуны улиралд ус, намгийн олон зүйлийн шувууд нүүдэллэн ирж зусаж, үүрээ засан өндөглөдөг чухал газруудын нэг билээ.

Алтай Таванбогдын БЦГ-ын Дөнхөрөгийн уулын орчимд Цагаан Усны халуун рашаан /температур 38-45 хэм/ нь далайн түвшнээс дээш 2600-2800м өндөрт оршино. Рашааны физик-химийн шинж чанар нь нилээд өвөрмөц, сулавтар хүхэрт устөрөгчийн үнэртэй, орчин нь шүлтлэг, ундарга нь тунгалаг. Рашаан бага зэрэг цацраг идэвхит, радоны агуулгатай учраас ·ууж хэрэглэхийг зөвшөөрдөггүй.

Алтай Таванбогдын БЦГ-нь түүх соёлын дурсгалаар нэн баялаг. Монгол улсын өөр хаана ч байдаггүй Пазырыкийн соёл, хүрэл зэвсгийн хөгжингүй үеийн хиригсүүр, булш, бунхан, буган хөшөөнүүд, Хүннүү, Түрэгийн үед хамаарах хүн чулуу, буган хөшөө, хадны сүг зураг элбэг тааралдана.

Потанины мөсөн гол

Монгол Алтай нурууны Таванбогд уулсад манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегийн мөсөн голууд бий. Потанин мөсөн голын талбай 53.5 ам дөрвөлжин км юм./ Н.Дашдэлэг, Р.Евилхан 1983/

Бага Түргэний хүрхрээ

Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших их бага түргэний Хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа шинэс мод, харгана, болон бутлаг ургамлаар баялаг. БНХАУ – ын Шинжан Уйгарын Өөртэй Засах орны Алтай аймгийн Битүү Ханасын дархан цаазат газартай хиллэж оршдог юм.

altai

Ёлтын сав газар

1910523_560366434073805_8825605229398589345_nЁлтын сав газар нь ·БНХАУ – тай хиллэдэг бөгөөд Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь юм. Ой ургамалжилтын Төв Азийн мужийн Монгол Алтайн хошуунд хамаарна. Уг газар нь унаган төрөхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм.. Энэ бүс нутаг нь байгальд гарч буй хувьсал, байгалийн иж бүрдэлийн өөрчлөлтөд уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна. Уур амьсгал гэдэг нь хамгийн өргөн утгатай бөгөөд түүнд сав газрын агаарын ба хөрсний дулаан, хүйтэн, хур тунадас, салхи, нарны гэрлийн цацралт, ууршилт зэрэг уур амьсгалын олон нэгжүүд багтах боловч тэдгээр нь газар зүйн бусад нөхцлүүдтэй хамтран шууд буюу шууд бусаар нөлөөлнө. Алтай сумын нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэгт уулархаг ой бүхий газар зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг. Эрчис мөрөн нь уг Ёлтын сав газраас Ёлт, Сонгинот голуудаас эх аван урсдаг.

Дундаж өндөр уулсыг хамаарах бөгөөд Ёлт голын хөндийд 2070 м – ээс ар хажуугаар гацуур – шинэсэн, шинэс – гацууран ойн бүслүүр эхлэж түүний доод хэсгээр эмжээрлэн үетэн – элдэв өвст ойн нугын ургамалжил зонхилно. Энд эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг юм. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт сармисан сонгино ургадаг